Өргөстэй цас
CLICK HERE FOR BLOGGER TEMPLATES AND MYSPACE LAYOUTS »

ЭРХЭМ ДАЙСАН ТАНАА

2011 оны 08-р сарын 26 Нийтэлсэн У Баярмаа

Зүүдний үүдээр шагалзах хэрэггүй ээ

Эрхэм ээ

Зүгээр л хажуугаар зөрж од

Зүйрлээд хэлчихмээр жишээ алга

Цорын ганц болохоор чинь

Хэлж чадахгүй нь

Тааж мэддэхгүй нь

Тог тог тогштхоор чинь

Сэрчих гээд байна би

Хэрэггүй ээ

Зөвхөн

Зүрхний тайзнаа жүжиглэ

Дайсан минь

ЭЭЖДЭЭ

2011 оны 08-р сарын 01 Нийтэлсэн У Баярмаа

Далан хаврын шувууд ганцхан замаар хөллөж

Дасал уяхан хорвоод хавар ирдэггүйсэн бол ижий минь

Шил шилээ дагах он жилүүдийн урсгалын

Шөнө бүрээс нь хороон хэндээ л зориулах вэ ачлалаа би

Зүүсэл мөнгөн далавчаараа усны энгэр алгадаж

Зургийн цэцэсгийн улирал зун болдоггүйсэн бол ижий минь

Зогсох нь үгүй эргэх цаг хугацааны хүрдний

Зогсоол болгоноос нь чангаалцан хэндээ л зориулах вэ энэрэлээ би

Жаран намрын шувууд нэг л жимээр зэллэж

Жисчүү шаргал орчлонд намар болдоггүйсэн бол ижий минь

Ар араасаа хөвөрсөн амьдын залбиралт өдрүүдээс

Алтан хормыг нь булаалдан хэндээ л тэрлэх вэ шүлгээ би

Цантай өвлийн хүйтнээр далиа хумин нойрмоглож

Цахарын гэрэлт ертөнцөд өвөл болдооггүйсэн бол ижий миниь

Тоосрон тоосрон одох хором бүхнээс чаргуулцах

Тоотой хуудасаас нь эргүүлдэн хэндээ л зориулах вэ хайраа би

Урваж шарван одон хоног хоногийн тоололтой

Уралцаж тэмцэн заалдах

Уучлалгүй орчлонгийн дэнсэн дээрхи

Утсан чинээ амиа

Удмын минь сүү

Ухаарлын минь нүнжиг тандаа л зориулнаа ээжээ

ХУУЛЬ

2011 оны 08-р сарын 01 Нийтэлсэн У Баярмаа

Өнгө гэрлийн хорвоо

Өөр өөрийн хуультай

Өгсөх уруудах зам дээр

Өөлж гоочлох л дүрэмтэй

Сав шимийн орчлон

Сайн муугийн заагтай

Салгуу өгсүүр жамтайдаа

Салгаж гоочлох л гаслантай

Амь цалгар замилан

Авах гээхийн ухаантай

Алдаа онооны хожоон дээр

Амь суудлын зангилаатай

БИД

2011 оны 08-р сарын 01 Нийтэлсэн У Баярмаа
Зөрж өнгөрөхдөө
Зүрхний чимээг чинь сонсчихсон
 Хачин булгилаад цовхчиж байсан
Тэгэхэд
Та
Гар дээр минь инээд асгачихаад
Юу ч болоогүй юм шиг
Ажин  түжин
Зүгээр л хажуугаар
Сэвсхийгээд
Зөрж одсон
Тэгэхэд
Би
Эргэж хараагүй
Харахын ч хэрэггүй
Та намайг мэдчихсэн болохоор
Сэтгэлийн чинь диваажин
Үүдээ дэлгэчихсэн
Яг одоо
 Та
Над луу харж байгаа


Зөн төрөхүй

2011 оны 08-р сарын 01 Нийтэлсэн У Баярмаа

  Зөн төрөхүй

Чиний зүгийн бараанаас

Зөөлөн будраа бодол асгарахуй

Хайр ивлэхүй

Дорнын гүймэг салхиар

Сэтгэлээ чи минь илгээхүй

Халуу шатна

Зүрх хөлрөөд

Жаргалтайяа


БИ

2011 оны 08-р сарын 01 Нийтэлсэн У Баярмаа

  Сарны сүүдэрт бодол хөлдөөд

Ганцаардлын шуурга дэгдэн

Угалз болон зүрхэнд ирэх

Тэр л агшинд

Салхи болон одно

Өөрийг тань зурчихъя

2011 оны 08-р сарын 01 Нийтэлсэн У Баярмаа
Нарийхан бийрээр
Чамайг би зуръя
Ирж байгааг чинь
Инээж байгаагаар
Амандаа зүрхээ зуугаад
Нүв нүцгэнээр
Нулимс биш
Хайр урсаж байгаагаар
Хоёр зүрхтэй
Ганцхан хөлтэй
Чамайг би зурчихая
Нүдгүй нүгэлийг
Чөтгөр аваг
Хайр болог
Харьд одог


ДАГУУЛ

2011 оны 08-р сарын 01 Нийтэлсэн У Баярмаа
ӨГЛӨӨНӨӨС ҮДЭШ ХҮРТЭЛ
ӨӨРТЭЙ МИНЬ СУГАДАЛЦАН АЛХДАГ
ЭРХЭМ ТАНЫГ БИ
ЯГ ОДООХОН
ОРХИМООР БАЙНА
ОР ТАС  МАРТААД
ЗАЛХАЖ ГҮЙЦЛЭЭ
ШӨНӨ БҮРИЙН ЗҮҮДЭНД
ШИВНЭЖ ХЭЛДЭГ ҮГНЭЭС ЧИНЬ
ҮРГЭЧИХЛЭЭ
ШИРТЭЖ ЭРХЭЛДЭГ ХАРЦНААС ЧИНЬ
АЙЧИХЛАА
ЯГ ОДОО ТАНААС БИ
ЗУГТМААР БАЙНА
ХААШАА Ч ЮМ
ДАЛДЛАЖ Л  БАЙВАЛ
ХАМААГҮЙ ЭЭ
ЭРГЭЛЗЭЖ ЦӨХӨРЛӨӨ
ХАРИН
БИ ӨӨРӨӨ
ЧИНИЙ ЗҮҮДЭД
АЙМШИГГҮЙГЭЭР ХОНОНО
МӨНХИЙН ДАГУУЛ  АА



СОЛИО

2011 оны 07-р сарын 29 Нийтэлсэн У Баярмаа

Таныг явснаас хойш хэдэн хавартай учирсан

Танхайрхаж хөтөлдөг гар чинь савхин бээлийтэй болсон

Та түүнийг мэдэхгүй ээ

Төөрч явсан хавраас чинь

Төө өргөстэй яргуй ургаж

Тээглэж унахдаа би

Бээлийгээ сольчихсон

ХҮСЭЛ

2011 оны 07-р сарын 28 Нийтэлсэн У Баярмаа

Зүрхэнд

Нээлттэй хаалга байдаг бол

Ганцхан хором нээхсэн

Ховдолоо цовдолтой нь

Зарахсан

Үнэ дуудахсан

Инээдтэй нь

Хэн ч бишээр

Харамсалтай нь

Сүнсний ёсоор

ГУНИГИЙН ТАЙЛААС

2011 оны 07-р сарын 28 Нийтэлсэн У Баярмаа

Ялгуухан молдны сүүдэр гунигтай

Ялдам харц бодогдох нь гунигтай

Яагаад ч юм түүнийг санах гунигтай

Яруухан саранд хүслээ шивнэх гунигтай

Харц гунигтай

Үдэш бүрэнхийн тэнгэр гунигтай

Үүрийн цолмон шингэхэд өнчин дэр гунигтай

Үе үехэн догдлоход хоосон орон зай гунигтай

Үлгэр мэт өнгөрсөн он жилүүд гунигтай

Хүсэл гунигтай

Шаргал наран жаргахад сэтгэл хоосроод гунигтай

Шар тоос босоход санаа үймрээд гунигтай

Шанхны үзүүр хийсэхэд сормуус цочоод гунигтай

Шаргих дэрсний чимээнээс шувууд үргээд гунигтай

Санаа гунигтай

Улирч одсон тэртээх хоногууд зүхрэн хургаад гунигтай

Удаан чилсэн итгэл хөсөр унах нь гунийгтай

Уучилж боломгүй тийм л тохиол бүр гунигтай

Удган модны сүүдэрт нар тусахгүй нь гунигтай

Сэтгэл гунигтай

Цаст уулсын дээгүүр жавар сэнгэнэх нь гунигтай

Цагийн ам цаашилж тогоруу буцах нь гунигтай

Цав цагаахан цасны мөнгөн цариг гунигтай

Царцсан уруулын цаанаас шүүрс алдах чинь гунигтай

Бодол гунигтай

Бодол бодлын тундаас чамайгонцлох нь гунигтай

Борог өвсний чимээ сургийг чинь авчрах нь гунигтай

Болохгүй юм бүхний төлөө бие шаналах нь гунигтай

Ботгон цагаан зэргэлээ намайг аргадах нь гунигтай

Би гунигтай

Тэглээ ч

Урдаас тосон мэнд амар эрэх ирээдүйн зам гэрэлтэй

Уртын урт харгуй намайг хөтлөн урагшлах нь гэрэлтэй

Учир утгын зангилааг тайлж хөврүүлэх нь гэрэлтэй

Уяхан замбуу тивийн наран тэртээд хангинах нь гэрэлтэй

Орчлон гэрэлтэй

ХӨНДҮҮРХЭН БОДОЛ

2011 оны 07-р сарын 28 Нийтэлсэн У Баярмаа

Бодох юм би ээжийнхээ тухай

Бурхан хэрэв таныг буцааж аваад явчихвал гэж

Бор үүлс нүүгээд

Будан татаж хүүгээд

Дараа дараа намар

Дахин дахин айлчлахаар нь

Ижий минь дээ

Бурхан ганцхан таныг минь

Булааж аваад явчихвал

Бид чинь таниараа дутна шүү дээ

Битгий л яваарай ээжээ

Тэгэхийн цагт

Дутах юмгүй өссөн дураар хэдэн хүүхэд чинь

Дэрсэн толгой хараачлан таныгаа л санах вий

Дэгс дураар хорвоогийн түмэн нугачааг туучиж

Дээл эвэргэн жаварт салам цохиулах вий

Божир божир адхаа нь найгасхийгээд бохирох вий

Бүлтэн бүлтэн нүднүүдээс

Баяр халираад үргэх вий

Ижий минь дээ

Ингэж санахын би

Бурхан ганцхан таныг минь булааж аваад явчихвал

Ганцаардах юм болов уу даа

Горь хүсэл тасрах юм болов уу гэж

Тэр л цагт

Хүүхэн заяат ааль минь

Хүний эрхээр жиндэж

Хүлээс хатуу орчлонгийн

Хачин бэрх араншинг

Хэндээ л очиж тайлах вэ

Мичид жирэлзэх үдшээр

Мөрөө балартал айвал

Мөөмөн сахиус даллаж

хэн л намайг хурайлах вэ

Насан туршдаа мөргөе

Нарны алтан утсаар аргамжъя

Буурлын тань шүтээнээр адислая

Битгий л яваарай ээжээ

Мөндөл шиг хэдэн үрсдээ

Мөнхөрч үлдээрэй ээжээ

Мөнх бусын орчлонг

Мөнхлөөд өгөөрэй ээжээ

БОДОЛ

2011 оны 07-р сарын 28 Нийтэлсэн У Баярмаа

Зөөлхөн гуниг сэтгэлд эгшиглэнэ

Зөнгөөрөө аядуухан бодлыг тээнэ

Зүйрлэн санахаар зүрхэн цагаахан шивнээ

Зүсэр борооны дуслаар сэтгэлийн үүдийг бөмбөрдөнө

Зүйдлэлгүй тэнгэрийн заадас мэт амирлана

Зүүдэнд ирсэн үлгэр мэт аргадна

Зүрхэнд хурсан дуулал мэт намуухан бүдгэрнэ

Зөрөөд өнгөрөх хясал бүгдийг хараад инээмсэглэнэ

Зүггүй оддын гэгээнд хайр сэмээрхэн алдуурна

Зөнч шувуудын жиргээнд уянгын дуу хадаана

Зөвхөн бодлоо би тээж намуухан алхана

Зөрж одох хүн бүрийг одонд илгээнэ

ЖАРГАХУЙ

2011 оны 07-р сарын 28 Нийтэлсэн У Баярмаа

Базаад хаясан цаас шиг

Үрчийсэн зүрхэн дээгүүр

Ганцхан зурас гэгээ зурсхийх нь

Үүрдийн жаргал

 

НАМАЙГ АМРАА

2011 оны 07-р сарын 28 Нийтэлсэн У Баярмаа

Зүүд эзэгнэн шөнө дөлөөр ирж

Хичнээн шөнө нойргүй хонуулав

Зөөлхөн шивнээд гашүуун дарс шиг үгээр ээрч

Хичнээн үдшээр нойргүй хонуулав

Шүхэр гоо нөмрөгөөр биеийг минь хулдаж

Хичнээн үүрээр нойргүй хонуулав

Шөнийн тэнгэрийн оддоос ширхэг шүирхэгээр илгээн

Хичнээн дөлөөр хээр хонуулав

Нил хар шөнийг сүлэн байж намайг аргадан

Чи өрөө хичнээн ч удаа нойргүй хонов

Намайг амраа